“ТҮМНИЙ БАЙР” төсөл 5 дахь өрхдөө түлхүүрийг нь амжилттай гардуулан өглөө
2019/11/22

“ХАНАН ШИШГЭД” ХХК-аас “ДУЛААН ӨДӨР” сайн үйлсийн аян зохион байгуулж байна

Өнөөдөр Улс тунхагласны баярын өдөр бөгөөд бүх нийтээрээ амарч байгаа билээ. Харин “Ханан Шишгэд” ХХК-ийн хамт олон болон МУИС-ийн оюутнууд хамтран “Дулаан өдөр” сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.

“Ханан Шишгэд” компаний “Түмний байр” төслийн хүрээнд таван өрхийг орон сууцанд хамруулж чадсан. Харин энэ удаа эх орныхоо тусгаар тогтнолоор бахархах өдрийг тохиолдуулан бусдад ийн тусалж байна. Хороодын хэсгийн ахлагч нартай холбогдож, тусламж шаардлагатай гэсэн айл өрхүүдэд шахмал түлшээ тараасан.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны зургадугаар хэсгийн ахлагч О.Урантуяа “Манай 28 дугаар хороо найман хэсэгтэй. “Дулаан өдөр” сайн үйлсийн аянд манай зургадугаар хэсгээс дөрвөн өрх хамрагдаж байгаа. Миний хувьд хорооныхоо хариуцсан хэсгийг сайн мэдэх тул өрх толгойлсон ээжүүдийг сонгосон. Эдгээр айлууд шахмал түлшээ байнга ширхгээр худалдаж авдаг. Их хэмжээгээр авах боломжгүй айлуудад сайжруулсан шахмал түлж өгч байгаад баяртай байна” гэлээ. 

Бүх нийтийн амралтын өдөр оюутан залуус цагийг янз бүрээр өнгөрүүлдэг. Харин МУИС-ийн гурав, дөрөвдүгээр дамжааны оюутнууд “Дулаан өдөр” сайн үйлсийн аянд гар бие оролцож, бусдад тусалж, баярлуулж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа ярьсан юм.  МУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Г.Бямба-Оюут “Улс тунхагласны баяраар сайн үйлсийн аянд хамрагдаж байгаадаа баяртай байна. Өмнө нь олон сайн үйлсийн аянд оролцож байсан ч өнөөдрийнх шиг сэтгэл гаргаж, өөрийн гараар оролцож байсан удаа хараахан байхгүй. Манай үеийнхэн магадгүй өнөөдрийг амарч юм уу, өөр ямар нэг байдлаар өнгөрүүлж байгаа байх. Өнөөдөр сургуулиа төлөөлөөд анги хамт олонтойгоо ирсэндээ сэтгэл хангалуун байна” хэмээсэн юм. 

Нийгмийн сайн сайхны хүрээнд энэ мэт сайн үйлсийн аянаа тасралтгүй зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ өдрийг зүгээр нэг амарч өнгөрүүлэх биш, өвөг дээдсийнхээ бидэнд үлдээсэн тусгаар тогтнолыг хамгаалж үлдэхийн тулд өөр бусдад халуун сэтгэлээр хандаж, дэмнэж байхыг аянд оролцогчид хүсэж байлаа.